2026 оны "Cannes Lions" фестивалийн онцлох бүтээлүүд
- Nomin Bolor

- Jul 8
- 7 min read
Жил бүр дэлхийн шилдэг брэндүүд, маркетингийн агентлагууд, бүтээлч салбарын мэргэжилтнүүд Францын Канн хотод маркетинг, зар сурталчилгааны салбарын хамгийн нэр хүндтэй фестиваль болох Cannes Lions International Festival of Creativity-д цуглардаг билээ. Тус фестиваль нь тухайн жилийн хамгийн шинэлэг санаа, бүтээлч шийдэл, бодит үр дүнтэй ажлуудыг шалгаруулж, дэлхийн маркетингийн чиг хандлагыг тодорхойлдог. Тиймээс Cannes Lions-д шагнал хүртсэн кейсүүд нь маркетеруудын суралцдаг жишиг бүтээлүүд болдог.
Тэгвэл энэ удаад Cannes Lions-оос шагнал хүртсэн, бүтээлч сэтгэлгээ болон бодит үр дүнгээрээ онцгойрсон шилдэг 4 кейсүүдээс онцлон танилцуулъя.

"ДЭЭРЭМДҮҮЛСЭН Ч АРСЛАНГИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН КИТ КАТ БРЭНД"
2026 оны Гуравдугаар сарын сүүлээр дэлхийн даяар хэвлэлүүд мэдээллүүд нэгэн хачирхалтай мэдээг зэрэг онцолж байв. Итали улсад Улаан өндөгний баярыг тохиолдуулан борлуулалтын оргил үеэр Польш улс руу тээвэрлэгдэж явсан 413 мянга гаруй буюу 12 тонн KitKat шоколад хулгайлагдсан болохыг мэдээллэж байв.
Шоколад, чихэр зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч брэндүүдийн хувьд ийм төрлийн хулгай нь хамгийн том алдагдуулын нэг юм. Борлуулалтын оргил улирал эхлэхийн өмнөхөн их хэмжээний бүтээгдэхүүнээ алдах нь зөвхөн санхүүгийн хохирол учруулаад зогсохгүй нийлүүлэлтийн сүлжээ доголдох, хэрэглэгчдийн итгэл буурах, улмаар брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх юм.
Ихэнх компаниуд ийм үед асуудлыг намжааж, хэвлэл мэдээллийн анхаарлыг өөр зүйл рүү шилжүүлэхийг хичээдэг. Харин Kит Кат брэнд нь энэхүү асуудлыг нуух бус, дэлхий нийтийн гол ярианы сэдэв болгон хувирган чаджээ.

Хулгайн хэрэг ба бүтээлч шийдэл
Кит Кат хэрэглэгчдэдээ "Хулгайлагдсан шоколад таны гарт ирсэн байж магадгүй" гэсэн сонирхолтой мессежийг санал болгож, тусгай (Stolen KitKat Tracker) платформыг зохион бүтээсэн юм.
Хэрэглэгчид худалдаж авсан Кит Кат бүтээгдэхүүнийхээ кодыг платформт бүртгүүснээр:
Тухайн бүтээгдэхүүн хулгайлагдсан эсвэл хулгайлагдаагүй эсэхийг шалгах;
Хулгайн шоколад мөн эсэхээ цахим орчинд бусадтай хуваалцах боломжтой болсон.
Ингэснээр хэрэглэгчид Кит Кат худалдаж авахаас гадна хулгайлагдсан бүтээгдэхүүнийг илрүүлэх ажилд оролцох боломжтой болсон юм. Брэнд хэрэглэгчдээ үзэгч бус, оролцогч болгож чадсан нь кампанит ажлын хамгийн хүчтэй шийдэл байв.
Үр дүн
"Кит Катын хулгайн хэрэг" нь бодит асуудлыг сурталчилгааны санаа болгон хувиргаснаар бусад кампанит ажлуудаас ялгарч чадсан юм. Үүний үр дүнд хэрэглэгчдийн сайн дурын оролцоо нь кампанит ажлын хүрээг тэлж, пи Ар, цахим сувгууд, хэрэглэгчийн туршлага болон органик медиаг нэг дор уялдуулсан цогц маркетингийн кейсийг бий болгов.

Кампанит ажил хэдхэн долоо хоногийн дотор дэлхий даяар хүчтэй тархаж, дараах үр дүнгүүдийг үзүүлжээ.
413,000 гаруй Кит Кат шоколад хулгайлагдсан.
2.2 сая хүн Хулгайлагдсан Кит Катыг мөрдөх систем (Stolen KitKat Tracker) платформыг хэрэглэсэн.
224 сая ам.долларын органик медиаг бий болсон.
Дэлхийн 93 улсын хэвлэл мэдээлэл, цахим сувгуудаар мэдээлэл түгсэн.
Улаан өндөгний баярын үеэр Meta платформ дахь шоколадны брэндүүдийн нийт ярианы 44%-ийг Kит Кат дангаар эзэлсэн.
Брэндийн дуу хоолойг хуваалцах байдал 31%-д хүрч, өрсөлдөгчдөө мэдэгдэхүйц ардаа орхисон байна.
Шүүгчид яагаад өндөр үнэлгээ өгсөн бэ?
Kит Катын хулгайн хэрэг нь борлуулалт өсгөхийн тулд худлаа мэдээлэл түгээгүй хэрэг байсан. Энэ бол бодит бизнесийн асуудлыг бүтээлч сэтгэлгээгээр боломж болгон хувиргасан кейс байлаа. Шүүгчдийн онцолсноор энэхүү ажил нь пи ар, сошиал медиа, дижитал туршлага болон хэрэглэгчийн туршлага гэсэн дөрвөн чиглэлийг амжилттай уялдуулж, хэрэглэгчийг кампанит ажлын гол оролцогч болгосон нь онцгой үнэлгээ авсан юм.
Үүний үр дүнд Кит Катын хулгайн хэрэг кампанит ажил 2026 оны Каннын фестивалиас пи ар төрөлд Гран При хүртэхийн зэрэгцээ 4 Gold Lions, 4 Silver Lions хүртэж оны хамгийн өндөр үнэлгээ авсан кампанит ажлуудын нэг болсон юм.
"АМ ДАМЖСАН ЦУУРХЛЫГ МАРКЕТИНГ БОЛГОЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН CERAVE БРЭНД"
2026 оны эхээр цахим орчинд нэгэн хачирхалтай цуурхал дэлхий даяар тархаж эхэлсэн юм. Олон хүн арьс арчилгааны CeraVe брэндийг Канадын жүжигчин Michael Cera өөрөө үүсгэн байгуулсан гэж итгэж TikTok, Instagram, Reddit зэрэг цахим сувгуудаар энэ талаар идэвхтэй хэлэлцэж байв. Michael Cera нь Superbad, Juno, Barbie зэрэг кинонуудаараа дэлхийд танигдсан, өөрийн эгэл, хөгжилтэй дүр төрхөөрөө алдартай жүжигчин юм. Харин түүний овог болох "Cera" нь CeraVe брэндийн нэртэй төстэй байсан нь энэхүү цуурхлыг илүү үнэмшилтэй болгожээ.
Үнэндээ энэ нь Super Bowl-ийн өмнөх хэдэн долоо хоногт хэрэгжүүлсэн CeraVe-ийн бүтээлч маркетингийн кампанит ажил байлаа. Хүмүүсийг сурталчилгаа үзэгч бус, кампанит ажлын нэг хэсэг болгож чадсан энэхүү ажил нь 2026 оны Каннын бүтээлч фестивалиас Social & Creator төрөлд Grand Prix хүртэж, мөн Алтан арслан /Gold Lions/, Мөнгөн арслан /Silver Lions/, Хүрэл арслан /Bronze Lions/ шагналуудыг хүртсэн оны хамгийн өндөр үнэлгээ авсан кейсүүдийн нэг болсон юм.

Асуудал
CeraVe бол арьс арчилгааны салбарт дерматологичдын хамгийн их зөвлөдөг брэндүүдийн нэг. Гэвч жил бүр 100 сая гаруй хүн үздэг АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) аваргын тоглолт болох Super Bowl-ийн үеэр дэлхийн томоохон брэндүүд хэдэн арван сая ам.долларын төсвөөр сурталчилгаа явуулж, хэрэглэгчдийн анхаарлыг татахын төлөө өрсөлддөг.
Ийм ширүүн өрсөлдөөн дунд CeraVe уламжлалт телевизийн сурталчилгаагаар бус, хүмүүсийг өөрсдөөр нь брэндийн тухай яриулж, олон нийтийн анхаарлыг татах стратегийг сонгожээ.
Цуурхал ба бүтээлч шийдэл
Кампанит ажлын гол санаа нь Michael Cera-гийн овгийг CeraVe брэндийн нэртэй холбох байв.
Тэд "CeraVe брэндийг үнэндээ Michael Cera өөрөө бүтээсэн юм биш үү?" гэсэн хөгжилтэй цуурхлыг олон нийтийн дунд тарааж эхэлжээ.
Энэхүү санааг телевизийн сурталчилгаагаар бус:
TikTok, Instagram дахь богино бичлэгүүд,
Контент бүтээгчидийн нийтлэлүүд,
Reddit-ийн хэрэглэгчдийн хэлэлцүүлгүүд,
Энтертайнмент болон мэдээллийн сайтуудаар бодит мэт харагдах контент хэлбэрээр түгээсэн юм.

Хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
Кампанит ажил Super Bowl-оос хэдэн долоо хоногийн өмнө эхэлжээ.
TikTok платформ дээр Michael Cera CeraVe бүтээгдэхүүн дээр гарын үсэг зурж, тосны савнуудыг "өөрийн бүтээл" мэт үзүүлж буй бичлэгүүд нийтлэгдсэн.
Контент бүтээгчид болон нөлөө бүхий инфлүэнсерүүд "Энэ үнэн үү?" гэсэн агуулгатай бичлэг, нийтлэлүүдийг хуваалцаж эхэлсэн.
Reddit хэлэлцүүлгийн платформ дээр олон мянган хэрэглэгч энэ талаар маргалдаж, өөр өөрийн таамгийг дэвшүүлсэн.
Энтертайнмент болон мэдээллийн сайтууд хүртэл уг цуурхлын талаар нийтлэл бэлтгэн мэдээлжээ.
Хамгийн сонирхолтой нь CeraVe энэ бүх хугацаанд ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй. Ингэснээр хүмүүс өөрсдөө үнэнийг хайж, өөрсдөө бусдад түгээж байсан нь кампанит ажлын хамгийн том давуу тал болсон юм.
Эцэст нь Super Bowl-ийн үеэр цацагдсан албан ёсны сурталчилгаагаар CeraVe-г Michael Cera бус, дерматологичдын хамтын судалгаанд үндэслэн бүтээсэн брэнд болохыг хөгжилтэй байдлаар тайлбарлаж, хэдэн долоо хоног үргэлжилсэн цуурхлыг төгсгөжээ.
Яагаад Cannes Lions-д өндөр үнэлгээ авсан бэ?
Michael CeraVe нь зөвхөн телевизийн сурталчилгаа бус, пи ар, сошиал медиа, контент бүтээгчид, энтертайнмент контент болон хэрэглэгчдийн оролцоог нэг стратегид амжилттай нэгтгэсэн бүтээл байлаа. Хамгийн чухал нь хэрэглэгчид сурталчилгаа үзэгч бус, харин өөрсдөө цуурхлыг түгээж, хэлэлцэж, кампанит ажлыг өргөжүүлсэн гол оролцогчид болсон юм. Энэ нь шүүгчдээс өндөр үнэлгээ авах гол шалтгаан болжээ.
Үр дүн
30 тэрбум гаруй төлбөргүй хандалт авч, хэрэглэгчид төлбөртэй сурталчилгаанаас бус, өөрсдийн сувгуудаар түгээн, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн яриагаар дамжуулан контенттой танилцжээ.
224 сая ам.долларын үнэ цэнтэй төлбөргүй хэвлэл мэдээллийг бий болсон.
TikTok, Instagram, Reddit зэрэг цахим сувгуудаар олон сая органик хандалт авч, хэрэглэгчдийн дунд өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Google хайлтын систем дэх CeraVe болон Michael Cera-тай холбоотой хайлтын хэмжээ мэдэгдэхүйц өссөн.
Adweek, People, Variety, CNN зэрэг олон улсын томоохон хэвлэлүүд кампанит ажлыг ямар нэгэн төлбөртэй сурталчилгаагүйгээр онцлон мэдээлжээ.
Super Bowl-ийн үеэр хамгийн их яригдсан, хамгийн өндөр оролцоог бий болгосон кампанит ажлуудын нэг болж чаджээ.
"ХЭРЭГЛЭГЧДИЙН АСУУДЛЫГ МАРКЕТИНГААР ШИЙДСЭН IKEA БРЭНД"
Дэлхийн олон байгууллагууд тогтвортой хөгжлийн хүрээнд олон төрлийн ажил хийж буй бөгөөд IKEA брэндээс хэрэгжүүлж буй төсөл арслангийн шагнал хүртсэн байна. IKEA Preowned тогтвортой хөгжлийн төслийг хэрэгжүүлж, Каннын фестивалийн хамгийн их яригдсан инновацын кейсүүдийн нэг болж, маркетинг зөвхөн зар сурталчилгаа бус, бизнесийн бодит шийдэл байж болдгийг харуулсан тод жишээ болсон юм.
Ямар шагнал хүртсэн бэ?
IKEA Preowned нь 2026 оны Каннын фестивалиас дараах амжилтыг хүртжээ.
Хүрэл арслан /Silver Lion/ (Media)
Titanium Lions Shortlist
Хэдийгээр хамгийн олон шагнал аваагүй ч маркетинг, бизнес, технологийг нэгтгэсэн шинэлэг шийдлээрээ фестивалийн хамгийн их яригдсан кейсүүдийн нэг болсон юм.
Асуудал
IKEA олон жилийн турш тогтвортой хөгжлийг дэмждэг брэнд гэдгээ илэрхийлсээр ирсэн. Гэвч IKEA хэрэглэгчдийн бодит хэрэглээнд нэг том асуудал байв. Нэг талаас хүмүүс хуучин эд зүйлсээ дахин ашиглаж, байгальд ээлтэй хэрэглээг дэмжихийг хүсдэг. Харин нөгөө талаас хуучин тавилга зарах нь төвөгтэй, худалдан авагч олох хэцүү, бүтээгдэхүүний мэдээлэл оруулахад цаг их шаарддаг тул олон хүн тавилгаа шууд хаях эсвэл агуулахдаа хадгалсаар байдаг байлаа.
Өөрөөр хэлбэл, тогтвортой хэрэглээг дэмжих хүсэл байсан ч түүнийг хэрэгжүүлэхэд тохиромжтой шийдэл дутагдаж байжээ.

Бүтээлч шийдэл
IKEA-ийн хуучин тавилгын худалдааны платформ (IKEA Preowned) нэртэй албан ёсны хуучин тавилгын худалдааны платформыг байгуулсан.
Энэ платформоор дамжуулан хэрэглэгчид IKEA-ийн тавилгаа хэдхэн алхмаар худалдаанд байршуулах боломжтой болсон бөгөөд систем нь бүтээгдэхүүнийг автоматаар таньж:
Зураг, хэмжээ болон техникийн мэдээллийг бөглөх,
Угсралтын зааврыг хавсаргах,
Худалдан авагчид илүү итгэлтэй сонголт хийх боломж бүрдүүлэх зэрэг үйлдлүүдийг өөрөө хийдэг байв.
Мөн хамгийн онцлог нь IKEA хэрэглэгчдээс ямар нэгэн шимтгэл аваагүй юм. Гэхдээ энэхүү кейсийн хамгийн бүтээлч шийдэл нь зөвхөн платформ байгаагүй.
IKEA өөрийн телевизийн сурталчилгаа, цахим сувгууд, гадна сурталчилгааны самбар зэрэг сурталчилгааны талбараа шинэ бүтээгдэхүүн сурталчлахад бус, харин хэрэглэгчдийн оруулсан хуучин тавилгын заруудыг түгээхэд зориулжээ.
Өөрөөр хэлбэл, брэнд өөрийн хамгийн үнэ цэнтэй сурталчилгааны сувгийг хэрэглэгчдийнхээ төлөө ашигласан нь энэхүү ажлын хамгийн онцгой санаа болсон юм.

Үр дүн
IKEA-ийн хуучин тавилгын худалдааны платформ (IKEA Preowned) богино хугацаанд хэрэглэгчдийн өндөр хандалтыг авч, тогтвортой хэрэглээний шинэ жишиг тогтоож чаджээ.
Гол үр дүнгээс дурдвал:
3.6 сая хүн платформд зочилсон.
6,700 хуучин IKEA бүтээгдэхүүн худалдаанд байршуулагдсан.
75,000 гаруй шинэ худалдан авагч платформд нэгдсэн.
23,700 шинэ гишүүд Ikea Family-д бүртгүүлсэн
Хэрэглэгчдийн 83% нь платформыг найдвартай худалдааны орчин гэж үнэлжээ.
Эдгээр үр дүн нь хүмүүс тогтвортой хэрэглээг дэмжих хүсэлтэй байдаг ч түүнийг хэрэгжүүлэх энгийн, найдвартай хэрэгсэл хэрэгтэй байдгийг баталсан юм.
Яагаад Cannes Lions-д өндөр үнэлгээ авсан бэ?
IKEA-ийн хуучин тавилгын худалдааны платформ (IKEA Preowned)-ийн хамгийн том онцлог нь сурталчилгаа хийхийн оронд хэрэглэгчдийн бодит асуудлыг шийдсэн явдал байлаа.
Шүүгчид энэхүү кейсийг дараах шалтгаанаар өндрөөр үнэлжээ.
Маркетингийг бизнесийн бодит үйлчилгээ болгосон.
Тогтвортой хөгжлийг уриа лоозон бус, хэрэглэгч өдөр тутам ашиглаж болох шийдэл болгож чадсан.
Брэнд өөрийн сурталчилгааны сувгийг бүтээгдэхүүнээ бус, хэрэглэгчдээ дэмжихэд зориулсан.
Зар сурталчилгаа бус, хэрэглэгчдэд бодит үнэ цэн бүтээсэн үйлчилгээ өөрөө хамгийн хүчтэй маркетинг болж чаддагийг харуулсан.
"НИЙГМИЙГ ЦОЧРООСОН БҮТЭЭЛЧ КАМПАНИТ АЖИЛ"
Бүтээлч шийдэл нь нийгэмд тулгарч буй олон асуудлыг олон нийтэд ойлгуулж, өөрчлөлт хийхэд хүргэдэг хүчирхэг харилцааны хэрэгсэл болдог. 2026 оны Каннын фестивалид шагнал хүртсэн Bullet Machine кейс нь Мексик улсын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид үнэнийг мэдээлсний төлөө ямар эрсдэлтэй нөхцөлд ордог болохыг хоёрхон минутын богино хэмжээний кинонд илэрхийлж чадсан юм.
Ямар шагнал хүртсэн бэ?
Bullet Machine нь 2026 оны Каннын фестивалиас дараах шагналуудыг хүртсэн.
Алтан арслан /Gold Lion/ – Film Craft (Sound Design)
Хүрэл арслан /Bronze Lion/ – Film Craft (Direction)
Энэхүү бүтээлийг Grey Mexico агентлаг La Unión Newspaper болон ARTICLE 19 байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ.

Асуудал
Мексик улс бол хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдийн хувьд дэлхийн хамгийн аюултай орнуудын нэг. Үнэнийг мэдээлсний төлөө зөвхөн сэтгүүлчид бус, тэдний гэр бүлийнхэн хүртэл заналхийлэл, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй байдаг. Гэвч энэ асуудал олон хүнд энгийн нэг статистик мэт санагддаг байсан учраас хүмүүсийн сэтгэлд хүрэх шинэ арга хэрэгтэй байв.
Бүтээлч шийдэл
Bullet Machine нь богино хэмжээний кино хэлбэрээр бүтсэн ба кинонд нэгэн сэтгүүлч шөнө оройн цагаар нийтлэлээ бичиж сууна. Гэвч тэр компьютерийн гар дээр товч дарах бүрд автомат бууны сумны чимээ гарч, байшин руу нь буудлага эхэлдэг. Эхнэр нь хүүхдээ хамгаалан нууж, гэр орон нь дайны талбар мэт болж хувирна. Энэ нь бодит буудлагыг бус, "үнэнийг бичих бүрт өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлтэй нөхцөлд оруулдаг" гэдэг санааг хүчтэй зүйрлэлээр илэрхийлсэн бүтээл байлаа. Урт тайлбар, тоо баримт ашиглахын оронд үзэгчдэд айдас, дарамтыг өөрсдөөр нь мэдрүүлсэн нь энэхүү кейсийн хамгийн том онцлог болсон юм.
Үр дүн
Кампанит ажил олон улсын хэмжээнд олны анхаарлыг татаж чадсан.
Мексик улсад сэтгүүлч эсвэл түүний гэр бүлийн гишүүн дунджаар 14 цаг тутамд халдлагад өртдөг асуудлыг олон нийтэд дахин сануулсан.
Кино эхний 48 цагийн дотор 12 сая гаруй үзэлт авсан.
#LaUnion хаштаг Мексикт 5 өдөр дараалан тренд болсон.
Хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх олон улсын хэлэлцүүлгийг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан.
Яагаад Cannes Lions-д өндөр үнэлгээ авсан бэ?
Шүүгчид энэхүү бүтээлийг зөвхөн өгүүлэмжээр нь бус, дууны найруулга, найруулгын шийдлээр нь өндрөөр үнэлсэн. Компьютерийн гарын товч дарах чимээг бууны сумны чимээтэй холбосон нь сэтгүүлчдийн өдөр тутмын ажил ямар үнээр бүтдэгийг үзэгчдэд хүчтэй мэдрүүлж чадсан юм.


Comments